2019 оны 12 сарын 04 20:01 минут.

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг “Болор цом” утга уянгын энэ их наад­мыг ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж 1983 онд анх санаачлан зохиож “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан түүх­тэй. Удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ эл наад­мын тэргүүн найрагчид болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан байдаг.2005 онд анх хөдөө орон нутагт зохион байгуулагдах болсноос хойш долоо дахь аймагтаа хөшгөө нээж буй  тус наадам Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэл, Говьсүмбэр аймгийн ЗДТГ, МҮОНТ, Монголын Үндэсний номын сан хамтран Говьсүмбэр аймгийн Чойр хотод зохион байгуулагдлаа. Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах Боржигин голомт “Болор цом-36”-д нийт 140 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 38 найрагчийн нэрс тодорсон билээ. Үүнээс гуравдугаар шатанд шилдэг 18 яруу найрагч шалгарсан. Шилдэг 18 найрагчаас дөрөвдүгээр шатанд есөн найрагч шалгарч үлдсэн юм. Мөн энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид оролцлоо.  36 дахь болор цомын эзнээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Баттулга “Талархлын шүлэг” шалгарлаа. Тэрээр “Болор цом” наадамд өмнө нь найман удаа тусгай байр эзэлж байсан бол энэ удаа “Болор цом”-ын эзэн боллоо. Харин аман хүзүүнд  яруу найрагч Би.Баярсайхан, гутгаар байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч Д.Одгэрэл, айргийн тавд яруу найрагч Б.Жамбалдорж шалгарчээ.

  

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 4
“Хурд – Хайртай!” Соён Гэгээрлийн Аян Говьсүмбэр аймагт
Засаг даргын нэрэмжит англи хэлний олимпиад зохион байгуулагдлаа

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.