2017 оны 08 сарын 20 12:18 минут.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын журам

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэлбичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/-ыг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” /БСШУ-ны сайдын 2016 оны 03 сарын 16-ны өдрийн А/87 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон/ болон холбогдох бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.
1.3 ЭЕШ-ыг 2017 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн /цаашид энэ онд төгссөн шалгуулагч гэх/, 2017 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн /цаашид өмнөх онд төгссөн шалгуулагч гэх/ өгнө.
1.4 Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/- ыг заавал өгнө.
1.5 Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлээс сонгон шалгуулна.
1.6 ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг энэхүү журмын 1.5-д заасан хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна.
1.7 ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно.
1.8 МХБШ нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.
1.9 ЭЕШ-тай хамтатган дараа жилийн зарим хичээлийн сэдэв, даалгаврын тавил, агуулгын тохирцыг тандах зорилгоор шалгуулагчийн дүн оноо, шалгалтын үндсэн цагт нөлөөлөхгүй байдлаар туршин шинжилж болно.
1.10 МХБШ болон ЭЕШ нь сонгон авсан их, дээд сургууль болон ЕБС-ийн хичээлийн анги танхим, cургалтын байр /цаашид шалгалтын байр гэх/-нд явагдана. Мөн шалгалт авах явцын бодит чанар, ил тод байдлыг хангах зорилгоор шалгалтын байранд хяналтын дуран, шалгалтын зорилгыг хангах зорилгоор сонсгох төхөөрөмж суурилуулна.
1.11 Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-ийн шалгалтын байранд Боловсролын үнэлгээний төв /цаашид БҮТ гэх/-өөс томилсон шалгалт зохион байгуулах комисс ажиллах ба комисс батлагдсан удирдамжийн дагуу үйл ажиллагаа явуулна.
1.12 Шалгалтын талаарх шаардлагатай мэдээллийг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон БҮТ-ийн зөвлөгөө мэдээллийн ажилтнууд, “Элсэгчийн сонин”, www.eec.mn вебсайт, https://www.facebook.com/eec.mn/ page хуудсаар олон нийтэд хүргэнэ.
1.13 ЭЕШ-ын хичээл бүрийн шалгалтын сэдэв, даалгаврыг БҮТ-ийн даалгаврын санг ашиглан блупринтийн аргачлалаар жил бүр шинээр боловсруулан бэлтгэнэ.
1.14 ЭЕШ болон МХБШ-ын сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүүлэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг БҮТ хариуцна.

Хоёр. ЭЕШ-ын бүртгэл
2.1 ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2017 оны 2 дугаар сарын 01-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны 04 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дуусна. Хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно.
2.2 Шалгуулагчдыг интернэт /цаашид онлайн гэх/-ээр болон БҮТ-өөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэнэ
2.2.1 Онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.
2.2.2 Онлайнаар бүртгүүлэхтэй холбоотой бүртгэлийн зааврыг энэхүү журмын 1.12-д заасан мэдээллийн эх сурвалжаас авч болно.
2.2.3 Хувийн мэдээлэлтэй холбоотой гарсан алдааг энэ онд ЕБС-д суралцаж байгаа бүртгүүлэгч сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системд баталгаажилт хийлгүүлэн засварлуулж, өмнөх онуудад төгссөн бүртгүүлэгч БҮТ-д хандан шийдвэрлүүлнэ.
2.3 Бүртгүүлэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:
2.3.1 Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
2.3.2 Өнгөт чээж зураг /чээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
2.3.3 Энэ журмын 2.10-д заасан банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон 2.11-д заасан төлбөрийн хэрэгсэл
2.3.4 Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн шалгуулагчид хамаарна/
2.3.5 И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ/
2.4 Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх аймаг /хот/-аа сонгож бүртгүүлнэ.
2.5 Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ энэ журмын 2.3.4 дэх заалтад заасан боловсролын бичиг баримтыг БСШУСЯ-аар баталгаажуулж, БҮТ-д ирж бүртгүүлнэ.
2.6 Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
2.7 Шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаараа ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой. /нууц дугаар, бүртгэлийн дугаар, шалгалтын хуваарь, суудлын хуваарь, дүнгийн мэдээлэл/
2.8 Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.
2.9 ЭЕШ-ын бүртгэлийн хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг (цаашид хамтад нь шалгалтын хураамж гэх) байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна.
2.10 Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар шилжүүлнэ. Хаан банкны дараах төлбөрийн хэлбэрийг ашиглан гүйлгээ хийж болно. Үүнд: мобайл банк, интернэт банк ашиглах шилжүүлэх, бэлнээр дансанд тушаах
2.11 Рaycode-ийн систем ашиглан бүртгүүлж буй хөдөө орон нутгийн шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын Үнэлгээний Төвийн 1105038452 тоот дансанд тушаан аймгийн Боловсролын газрын ЭЕШ хариуцсан ажилтанд хандана.(paycode-дотоод төлбөрийн систем)
2.12 ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 70%-ийг эргүүлэн олгоно. Бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй.
2.13 Шалгуулагч бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд 2017 оны 04 сарын 25-аас өмнө БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийлгэх тухай хүсэлт гаргаж болно. Төлбөрийн буцаалт хийхэд үүсэх банк хоорондын гүйлгээний шимтгэлийн хураамжийг шалгуулагч хариуцна.
2.14 Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч бүртгэлийн хуудсаа сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагч өөрийн биеэр Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ыг хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.

Гурав. Шалгалтын хугацаа, зохион байгуулалт
3.1 Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
3.2 Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийн харъяалагдах шалгалтын байранд шалгалт өгнө.
3.3 Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын шалгалтын байранд шалгалт өгнө.
3.4 Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн шалгуулагчид тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
3.5 ЭЕШ өгөх шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
3.5.1 Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх/
3.5.2 Суудлын хуваарь
3.5.3 Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг /Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2017 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт чээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ/
3.5.4 Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
3.6 ЭЕШ болон МХБШ-ын хуваарийг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна.
3.7 Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
3.8 Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
3.9 Гэрээний хуудас нь шалгуулагчийн чээж зураг, хувийн мэдээлэл бүхий шалгалтад орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд баримтлах дэгтэй танилцан гарын үсэг зурж баталгаажуулна.
3.10 МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
3.11 Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.
3.12 Шалгалтын дэвтэр ба хариултын хуудас гэрээний хуудас/цаашид шалгалтын материал гэх/-ыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.
3.13 Шалгуулагч эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.
3.14 Шалгуулагч хянагч багшийн заавраар хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан шалгалтын материалын “баганан код наах хэсэг”-т наана. Шалгалт зохион байгуулах комиссын гишүүд шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйд хийж битүүмжилнэ.

Дөрөв . Шалгалтын дүн мэдээ
4.1 Шалгуулагчдын шалгалтын материалыг БҮТ дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засаж дүн, оноог гаргана.
4.2 Шалгалтын материалын 5-аас доошгүй хувьд түүврийн аргаар сонголт хийн дахин хяналтад оруулж баталгаажуулна.
4.3 ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ.
4.4 ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарласан байна.
4.5 2017 оны 07 дугаар сарын 05-наас өмнө шалгуулагчдын ЭЕШ-ын болон МХБШ-ын батламж хуудсыг тарааж дуусгасан байна.
4.6 Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэж болно.
4.7 Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна.
4.8 Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.
4.9 Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.
4.10 Шалгуулагчдын мэдээллийг БҮТ-д электрон сан бүрдүүлэн архивлана.
4.11 ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болно.
4.12 Хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон батламж /дүнгийн тодорхойлолт/ нь их, дээд сургуульд элсэх үндэслэл болохгүй бөгөөд үүнтэй холбоотой хариуцлагыг БҮТ хүлээхгүй.
Тав. ЭЕШ-ын өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх.
5.1 Иргэдээс ирсэн ЭЕШ болон МХБШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллана.
5.2 Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл /овог нэр, регистрийн дугаар/-ийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн 70119498, 75779498 утас, и-мэйл, онлайн чат үйлчилгээгээр but@eec.mn хаяг, https://www.facebook.com/eec.mn/ page хуудсаар хүлээн авна. Мөн өөрийн биеэр бичиг баримттайгаа энэхүү журмын 5.3-т заасан хаягаар ирж шийдвэрлүүлж болно.
5.3 Шалгуулагч шалгалтын дүн, оноотой санал нийлэхгүй байгаа болон шалгалтын дэвтэр, хариултын хуудастай холбоотой өргөдлөө бичгээр гаргаж, шалгалтын дүн, оноо зарлагдсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Оюуны Ундраа группийн байр гэсэн хаягаар БҮТ-д ирүүлнэ.
5.4 Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж хариуг бичгээр өгнө.
5.5 Шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зөрчилтэй холбоотой өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй өргөдлийг мөн хүлээн авахгүй болно.
Зургаа. Журам зөрчигчдөд хүлээх хариуцлага
6.1 Бүртгүүлэхдээ бусдын данс, гүйлгээний картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн нь иргэний гомдлоор тогтоогдсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
6.2 Энэхүү журмын 3.6-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон болон мөн журмын 2.5-д заасны дагуу баталгаажилт хийгдээгүй, өөрийн хувийн мэдээлэл, зургийг буруу оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
6.3 Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 3.8-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас тусламж авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.
6.4 Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно.
6.5 Иргэн, хуулийн этгээд нь шалгуулагчийг хууль бус үйлдэл гаргахад дэмжлэг үзүүлсэн, үгсэн хуйвалдсан, нуун дарагдуулсан эсвэл ЭЕШ-ын бэлтгэл болон явц, дүн оноотой холбоотой санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр худал мэдээлэл тарааж байгууллагын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
6.6 ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
Долоо. Бусад
7.1 БҮТ нь зохион байгуулсан шалгалтын дүн, оноо, тайлан, үр дүнг олон нийтэд хүргэнэ.
7.2 Шалгалтын үр дүнгийн талаарх мэдээлэл авах хүсэлтээ тухайн байгууллага албан бичгээр БҮТ-д ирүүлнэ. БҮТ нь бүх шатны боловсролын болон судалгаа шинжилгээний байгууллагад шалгуулагчдын статистик дүн мэдээ, шалгалтын хичээл тус бүрийн дундаж дүн оноог гаргаж өгнө.
7.3 Энэхүү журмыг БҮТ-ийн захирлын тушаалаар батлагдсан өдрөөс эхлэн ЭЕШ-ын үйл ажиллагаанд дагаж мөрдөнө.
7.4 БҮТ-ийн захирлын тушаалаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 126
Боржигины өв, соёл нэвтрүүлэг
12-р ангийн сурагчдад ЭЕШ-ын талаар сургалт явууллаа

Сэтгэгдэлгүй