2017-2018 оны хичээлийн жилийн мэнд хүргэе.
Говьсүмбэр аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын багш ажилчид, сурагч багачууддаа 2017-2018 оны хичээлийн жилийн мэнд хүргэж Эрдэм мэдлэг, авьяас билэг, амжилт бүтээл ундарч байхын ерөөе.
Говьсүмбэр аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын багш ажилчид, сурагч багачууддаа 2017-2018 оны хичээлийн жилийн мэнд хүргэж Эрдэм мэдлэг, авьяас билэг, амжилт бүтээл ундарч байхын ерөөе.
Боловсролын салбарын 2017-2018 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, зарим дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжиж эхэлсэн хуулиудыг сурталчлан таниулах зорилгоор “Багш нарын бага хурал”-ыг улс орон даяар зохион байгуулсан билээ. Тэгвэл Говьсүмбэр аймгийн “Багш нарын бага хурал” энэ сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай болж, өндөрлөлөө. Бага хурлын нээлтэд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнхзул болон ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, сургууль, цэцэрлэгийн багш нар оролцсон юм. Хурлын эхэнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь бага хурлын оролцогчдод хандан үг хэлж, мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Г.Батсуурь: Хичээлийн шинэ жилийн эхнээс багш бүр сургалтын чанарыг сайжруулахын тулд идэвх санаачилгатай ажиллахыг хүсье
/Говьсүмбэр аймгийн Засаг дарга/
Тэрбээр “Аль ч улс оронд боловсрол тэргүүлэх салбар нь байдаг. Боловсролын салбарыг хөгжүүлэн урагшуулах гол эх үндэс нь багш юм. Иймээс багшийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын талаар олон асуудлыг тусган “Боловсролыг дэмжих дэд хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байгаа нь цаашид ажиллах эрч хүч, урам зоригийг өгч байгаа хөшүүрэг, дэмжлэг туслалцаа болж, Засаг дарга миний хувьд ч боловсролыг тэргүүлэх салбарт тавьж, анхаарлаа хандуулан дэмжиж байдгийг хэлэхэд таатай байна. Суралцагчдад чанартай боловсролын үйлчилгээг үзүүлж, боловсролын тогтвортой хөгжлийг хангах нь багшийн чадвараас шууд хамаардаг. Багшийн хөгжил нь боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийн үндэс болдог. “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжсэнээр багш бүр сайн зөвлөгөө, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж, сурагч бүрийн сурах идэвх оролцоо нэмэгдэж, багш, сурагчид маань улс, бүс, аймгийн чанартай олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сайн амжилтууд олон бий. Түүнчлэн амжилттай суралцсан 13 суралцагч МУИС-д онлайнаар, Тайваны Коонсен Техникийн их сургуульд хоёр суралцагч урилгаар, гурван сурагч гадаадад тэтгэлгээр суралцахаар болсон гэх мэтчилэн дурьдах зүйл олон байна. Мөн хувийн хэвшлийн боловсролын байгууллагыг бодлогоор дэмжин шинээр байгуулагдсан нэг цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгож, хоёр цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг сунгалаа. Хүүхэд багачуудынхаа хөгжих боломжийг нээж “Буян” цэцэрлэгийн хүүхэд багачуудын урлагийн тоглолтыг Хүүхдийн ордонд хийхэд нь дэмжлэг үзүүлж ажилласан. Боржигин өв соёлыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд боржигин чуулгын багш нар боржигин морин хуурын сургалтыг хичээллүүлж, хүүхэд багачуудыг сургаснаар, морин хуураар суралцах хүүхдийн тоо нэмэгдэж байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд мэргэжил боловсрол, мэдлэг ур чадвараа зориулж байгаа та бүхний хичээл зүтгэлийг урамшуулан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах нь миний үүрэг хэмээн ойлгож байдаг. Тийм ч учраас аймгийн удирдлагын зүгээс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч Сүмбэр сумын II сургуулийн 640 хүүхдийн шинэ барилгын зураг, төсвийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар хийлгүүлж, барилгын ажлыг концессын гэрээгээр хэрэгжүүлэх, БСШУС-ын сайдын багцаас Баянтал сумын IV сургуулийн спорт заалны засварын ажил, Баянтал сумын Соёлын төвийн дээврийн засварын ажил, Шивээговь сумын III сургуулийн дээврийн ажил, Сүмбэр сумын II цэцэрлэгийн барилгын гадна дотор цахилгааны монтаж засварын ажлууд гүйцэтгэлийн шатандаа байна. Япон улсын “Өвсний үндэс” төслийн хөтөлбөрөөс Сүмбэр сумын V сургуулийн дотуур байрны өрөө болон гадны талын пасад, тохижилт, I цэцэрлэгийн хуучин барилгад засварын ажлыг хийж гүйцэтгээд байна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж нэмэгдэж, үүнийг дагаад багш та бүхний ажлын ачаалал багасч хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөл сайжирна” хэмээсэн юм. Мөн энэ үеэр алдаа оноогоо дэнслэн, сайтар хэлэлцэх ёстойг сануулаад “2017 оны ЭЕШ-ын хуваарь сонголт явагдаж, нийт 269 элсэгч батламж авч, мэргэжил сонголт хийсэн. Монголын их дээд сургуулийн консерциумаас 130 элсэгч хуваарь сонгосон. 2017 оны ЭЕШ-д аймгийн үзүүлэлтээр 20 дугаар байр, аймаг дүүргийн үзүүлэлтээр 28 дугаар байранд орж, хамгийн бага оноог авсан нь БСУГ-ын суурь бүрэн дунд хариуцсан мэргэжилтний зөвлөмж дутмаг, цөөн төгсөгчтэйгөөс сурагчдын хичээл сонголт оновчтой бус, төгсөх ангийн багшийн арга зүйгээс ихээхэн шалтгаалсан байна.
Иймд суурь, бүрэн дунд боловсрол хариуцсан мэргэжилтний бодлого зохицуулалтаар хангах, мэргэжлийн арга зүйн зөвлөмж өгөх, аймгийн хэмжээнд багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, сонгон судлах хичээлийн аймгийн нэгдсэн хөтөлбөртэй болох зүй ёсны шаардлага байгаад анхаарч, хичээлийн шинэ жилийн эхнээс багш бүр сургалтын чанарыг сайжруулахын тулд идэвх санаачилгатай ажиллаж, 2017 онд ЭЕШ-д илүү өндөр үзүүлэлттэй амжилт гаргахыг хүсье. Боловсрол нь хүүхдийн хөгжил, хэрэгцээ сонирхлыг нээлттэй, тасралтгүй, чөлөөт хэлбэрээр, тэгш хангаж чадах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгддэг. Боловсролын салбарын удирдах ажилтнууд, багш нар маань өөрийгөө хөгжүүлэн, эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, багшийн ёс зүйг чанд баримтлан ажиллах шаардлагатай байна” гэж онцлон тэмдэглээд соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсч, эрүүл энх байж, эрдэм бэлгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлээд 2017-2018 оны хичээлийн жилийн багш нарын бага хуралд амжилт хүслээ.
Багш нарын бага хурал эхний өдөр Боржигин чуулгын их танхимд болж, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнхзул Боловсролын салбарын 2016-2017 оны хичээлийн жилийн ололт, амжилт, сургамж, дүгнэлт, 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтын төслийн талаар мэдээлэл хийлээ. Энэ хичээлийн жилд тус аймагт сургуулийн өмнөх боловсролын 49 бүлэгт 1652, суурь, бүрэн дунд боловсролын 123 бүлэгт 3481 суралцагч сурах бол мэргэжлийн 236 багш ажиллах юм байна. Энэ удаагийн бага хурлаас II сургуулийн нэг байрыг дотуур байр болгох, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах, Шивээговь сумын сургуулийн байр их хэцүү байгаа тул шинээр байртай болгоход анхаарах, I сургуулийн спорт заалны асуудлыг шийдвэрлэх, Баянтал сумын Спорт заалыг шинээр барихад анхаарах гэх мэт санал гарсныг аймгийн удирдлагуудад хүргэхээр боллоо. Мөн багшийн ёс зүйн дүрмийн дагуу аймгийн боловсролын салбарын ёс зүйн зөвлөлийн тайланг Сүмбэр сумын I сургуулийн багш Н.Мөнхзул илтгэл тавьж, хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан юм. Тайланд нийт ирсэн өргөдөл гомдлын дийлэнх хувь нь удирдлага, багш, эцэг эхчүүдийн үл ойлголцлоос үүдэн гарсан хэмээн дурьджээ. Мөн багш, ахлах ангийн сурагчдаас багш нарын талаархи судалгааг авч, дүнг нэгтгэснээ танилцуулсан юм. Судалгаанд ахлах ангийн нийт 200 гаруй сурагч оролцсоноос нийт сурагчдын 64 хувь нь багш нар заах арга барилаа өөрчлөх ёстой гэсэн бол 33 хувь нь ялгаварлан гадуурхах байдал ажиглагддаг гэж хариулжээ. Тиймээс цаашдаа эдгээр асуудалд анхаарах шаардлагатай хэмээн сануулсан. Харин багш нараас авсан санал асуулгаар эцэг, эхчүүдтэй үл ойлголцох, Ёс зүйн дүрмээ судлаагүйгээс болж хариуцлага тооцуулах хэмжээнд хүрснээ ухаардаггүй зэрэг хүндрэлүүд гарсан хэмээн Н.Мөнхзул багш илтгэлдээ дурьдаж байлаа. Ийнхүү бага хурал үргэлжилж, тайлангийн дараа дүрмийн дагуу хоёр жилд Ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүдийг Багш нарын бага хурлаараа сонгодог тул нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй сонгож, даргаар нь Шивээговь сумын багш Одончимэгийг сонголоо.
Энэ үеэр Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнхзултай цөөн хором ярилцлаа.
Э.Мөнхзул: Багш, сурагчид болоод эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талын олон ажлыг хийхээр төлөвлөөд байна
-Юуны өмнө хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр “Багш нарын бага хурал” болж байна. Бага хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэж байна вэ?
-Баярлалаа. Бид энэ удаагийн “Багш нарын бага хурал”-аараа өмнөх оны ажлын тайлангаа хэлэлцэж, хичээлийн жилийн шинэчлэлийн төлөвлөлтөө ярилцлаа. Мөн БСШУСЯ-аас энэ хичээлийн жилд ахлах ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх, сургалтын арга зүйн тал дээр нэлээд анхаарах, хэрэгжиж буй хуулиуд багшийн ёс зүйн дүрэмтэй хэрхэн нийцэхийг тайлбарлан, таниуллаа. Мөн БСШУСЯ-аас “Багшийн ёс зүй” сэдэвт гурав хоногийн сургалтад манай аймгаас 17 багш үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж, аймагтаа ЕБС, СӨБ-ын болон УУПТК-ийн 300 гаруй багшид сургалтыг хоёр өдөр зохион байгууллаа.
-Өнгөрсөн хугацаанд Говьсүмбэр аймгийн боловсролын салбарт нэлээд их ажлууд хийсэн тухай мэдээллээ. Эндээс онцлох зүйл нь юу вэ?
-2016-2017 оны хичээлийн жилд бид стандартад суурилсан боловсролын тогтолцоо, сургууль-хүн хөгжлийн төв, эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, тэгш хүртээмжтэй үйлчилгээ гэсэн гурван гол зорилтыг дэвшүүлэн ажилласан. Энэ ч үүднээсээ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг олон талт хэлбэрээр зохион байгуулж амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхийн 60 хүүхэд, малчин өрхийн 80 хүүхдийн сургалтыг төрийн өмчийн цэцэрлэгүүд болон ДЗОУБ-тай хамтран зохион байгууллаа. Бага боловсролд 1740 сурагч суралцсан. Сурагчдыг бүрэн хамруулах зорилгоор сум, багийн удирдлагуудтай хамтран ажилласны үр дүнд хамран сургалт 100 хувьд хүрсэн. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжил аргазүйн удирдлагаар хангах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагаагаар хамтран сурч хөгжихөд чиглэсэн цэцэрлэгийн багш удирдлагуудад зөвлөн туслах, чадваржуулах, сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий үндэсний зөвлөн туслах багтай хамтран ажилласан. Үүний үр дүнд цэцэрлэг тус бүр хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцын оновчтой сайн болон сайжруулах цаашид анхаарах асуудлаа олж авч чадсанаар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт сайжирсан. “Боловсролын талаар баримталж буй бодлого”, “Тогтвортой хөгжлийн боловсрол”, амьдрах ухаанд суурилсан агуулга арга зүйг сургалтын төлөвлөгөө хөтөлбөрт тусгах арга зүйн сургалтыг нийт таван сургууль дээр зохион байгууллаа. Сургалтын үр дүнд Тогтвортой хөгжлийн боловсрол-Багшийн цогц чадамж, Амьдрах ухаанд суурилсан сургалтын модультай танилцаж, сургалтын арга зүйд суралцсан. Түүнчлэн бид багшийн хөгжилдөө анхаарч, залуу багш нарын туршлага солилцох зөвлөгөөн, Японы Нагоя их сургуультай хамтран ажиллах, БСШУСЯ-аас зохион байгуулсан бүсийн сургалтад Тогтвортой хөгжлийн боловсролын хэрэгжилтийн тайланг тавьж, туршлага солилцсон гэх зэргээр тоочоод байвал нэлээд ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Цаашдаа ч багш, сурагчид болоод эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талын олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
-Бага хурлаас ямар саналууд гарав. Цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурьдахгүй юу?
-Бага хурлаас сургуулийн дотуур байртай болгох, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх зэрэг нэлээд олон санал гарсан. Энэ бүхнийг аймгийн удирдлагууддаа танилцуулж, шийдвэрлэх талаас нь хамтран ажиллах болно. Мөн БСШУСЯ-аас дэвшүүлсэн зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойллоо. Тухайлбал, Дэлхийн банк, Швецайрийн хөгжлийн агентлагтай хамтран “Боловсролын салбарт хэнийг ч орхигдуулахгүй байх” төслийн хүрээнд боловсролын салбарын удирдах ажилтан, багш, албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэн, ёс зүй, ажлын хариуцлагыг сайжруулна. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга, байгууламжид судалгаа хийж, гамшгийн эрсдэлийг бууруулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ. Сургалтын чанарыг сайжруулах үүднээс сорилго шалгалтыг үе шаттай зохион байгуулан, нэгдсэн төлөвлөгөөтэй болж хэрэгжүүлэх, аймгийн Математикийн хөтөлбөртэй болно, түр сургалтын төвүүдтэй хамтран ажиллана. Хүүхдийн сурч, хөгжих хүсэл эрмэлзлэлийг дэмжихийн зэрэгцээ хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө болохуйц олон талт, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулна. СӨБ-ын хүрээнд “Хүүхэд гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ. Бага боловсролын сургалтын чанар, үр өгөөжийг дэмжсэн “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”, “STEM”-ийн сургалтыг амжилттай хэрэгжүүлж, туршлагаа түгээн дэлгэрүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах төслийг ХХҮГ-тай хамтран зохион байгуулна. Орон нутгийн боловсрол, соёл, спортын байгууллагын хамтын ажиллагааг дэмжсэн хөтөлбөр, арга хэмжээг өргөжүүлнэ гэсэн зорилтыг дэвшүүлээд байна.
Харин хоёр дахь өдөр нь багш нарыг сургуулийн өмнөх боловсрол, суурь болон ерөнхий боловсрол хэмээн ангилж, гурван хэсэгт хуваан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Энэ үеэр сургалтыг удирдан явуулж буй мэргэжилтнүүдийн сэтгэгдлийг сонслоо. Хамгийн түрүүнд I сургуулийн хурлын танхимд болж буй багш нарын сургалт руу орлоо. Сургалтыг аймгийн БСУГ-ын ахлах мэргэжилтэн Ю.Цэвэлмаа удирдан явуулж байсан юм.
Ю.Цэвэлмаа: “Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг яг гардан хэрэгжүүлэх хүмүүс нь багш нар
/БСУГ-ын ахлах мэргэжилтэн/
-Өчигдөр буюу наймдугаар сарын 28-ны өдөр орон нутгийн сургагч 13 багш, мэргэжилтнүүд суурь, бүрэн дунд боловсролын 130 багш, удирдах ажилтнуудад “Багшийн ёс зүй “ сэдвээр сургалт явуулсан. Өнөөдөр суурь, бүрэн дунд боловсролын 117 багш маань “Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сургалтад хамрагдаж байна. “Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг яг гардан хэрэгжүүлэх хүмүүс нь багш нар. Тийм учраас хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх тал дээр бид багш нартайгаа хамтран ажиллана. Энэ сургалтын үр дүнд бид судлагдхуун бүрээр аймгийн нэгдсэн сонгоны судлах хичээлийн хөтөлбөртэй болох зорилт тавиад ажиллаж байна. Энэ хичээлийн шинэ жилд аймгийн төв дээр гурав, суманд хоёр сургууль сурагчдаа хүлээж авах бэлтгэл ажлаа 95 хувьтай хангаад хичээлийн шинэ жилийн нээлтийн хөтөлбөрөө БСУГ-т хүргүүлээд байна.
Харин БСУГ-ын мэргэжилтэн Б.Болормаагаар ахлуулсан цэцэрлэгийн багш нарын сургалт аймгийн ОБГ-ын хурлын танхимд болж байв. Энэ үеэр БСУГ-ын мэргэжилтэн Б.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.
Б.Болормаа: “Багшийн ёс зүй” сургалтыг долоон дэд сэдвийн хүрээнд оролцогчдын оролцоон дээр тулгуурлан зохион байгуулж байна
/БСУГ-ын мэргэжилтэн/
-Сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан, багш, туслах багш нарын төлөөллөөс бүрдсэн нийт 86 хүний бүрэлдэхүүнтэй “Багшийн ёс зүй, харилцаа” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар ёс зүй, мэргэжлийн ёс зүй, багшийн ёс зүйн үндсэн ойлголтуудыг өгч байна. Багшийн ёс суртахууны хэм хэмжээ, нийгэмд эзлэх байр суурь, нэр төр, олон нийтийн цахим сүлжээн дэхь багшийн ёс зүй сэдвийн дор амьдрал дээр гардаг жишээ тохиолдлуудтай холбон ярилцлаа. Мөн “Ёс суртахууны хэм хэмжээ хуулиар зохицуулагдсан нь” буюу Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль зэргийг багшийн ёс зүйн дүрэмтэй нийцүүлэн тайлбарлаж, танилцууллаа.. Үүнээс гадна 2017-2018 оны хичээлийн шинэ жилд манай аймгийн хэмжээнд цэцэрлэгүүд маань хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэлээ 90 хувьтай хангаад байна. Аймгийн хэмжээнд бүртгэлийн үйл ажиллагааг энэ сарын 25-нд нэгдсэн журмаар явуулж, элсүүлэх ёстой хүүхдүүдээ бүртгэж, ямар нэгэн байдлаар иргэдийн гомдол бухимдалгүйгээр зохион байгуулсан.
Түүнчлэн бага боловсролын багш нарын сургалт аймгийн ЗДТГ-ын байранд болж байлаа. Сургалтыг БСУГ-ын мэргэжилтэн С.Энх-Амгалан ахлан явуулж байсан юм.
С.Энх-Амгалан: БСШУСЯ-аас зургаан настай хүүхдийн бэлтгэл хөтөлбөрийн 60 цагийн зөвлөмж, сурах бичгийг шинэчлэн боловсруулж гаргасан
/БСУГ-ын Бага боловсрол, насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн/
-2017-2018 оны хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн байна. Говьсүмбэр аймгийн хувьд энэ сарын 29-нд бага хурлаа эхлүүлсэн. Хичээлийн жилийн шинэчлэлийн төлөвлөлт, өмнөх оны ажлын тайлангаа бага хурлаараа хэлэлцлээ. БСШУСЯ-аас энэ хичээлийн жилд ахлах ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх, сургалтын арга зүйн тал дээр нэлээд анхаарахыг чиглэл болгосон. Мөн салбарын яамнаас багшийн ёс зүйн сэдвээр үндэсний хэмжээнд сургалт явуулж байгаа. Энэ сургалт ч мөн манай аймагт зохион байгуулагдаж байна. Үүнээс гадна тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг дэлхий нийтээрээ сургалтын процесст оруулах талаар нэлээд яригдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын багш нарт тогтвортой хөгжлийн боловсролын талаар сургалт зохион байгууллаа. Бага суурь, ахлах ангийн багш нарт ёсзүйн асуудлаар сургалт зохион байгуулж байна. Энэ оны долдугаар сарын 1-ээс мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хууль нь, Боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиуд яаж тусч, эрх зүйгээр зохицуулагдаж байна вэ, багш юуг анхаарах вэ гэдгийг сурталчлан таниулахад сургалтын маань зорилго оршиж байна. Өнөөдөр бол ахлах ангийн багш нарт ахлах ангийн сургалтын төлөвлөгөө хөтөлбөр, аргазүйн талаар судлагдахуун бүрээр сургалт хийж байна. Миний хувьд нэгдүгээр анги дааж авч байгаа багш нарт, нэгдүгээр ангийн сурагч, зургаан настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, сургуульд ороод дасан зохицох, цаашид сургалтын арга зүйг яаж авч явах вэ гэдэг сэдвээр сургалт хийж байна. Энэ сургалтыг жил бүр явуулдаг. Энэ жилийн хувьд БСШУСЯ-аас зургаан настай хүүхдийн бэлтгэл хөтөлбөрийн 60 цагийн зөвлөмж, сурах бичгийг шинэчлэн боловсруулж гаргасан. Бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулаад, үндэсний хэмжээнд орон даяар сургалтууд хийгдэж байна. Ингээд энэ хичээлийн жилд Говьсүмбэр аймаг таван сургууль, өмчийн буюу төрийн есөн цэцэрлэг сургалтын үйл ажиллагаагаа эхлэх бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.
http://mminfo.mn/news/view/14612